Урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл $53.2 саяын ашигтай гарав

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2025 оны эхний 9 сард 1.6 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс алдагдал 128.4 (7.6%) сая ам.доллароор буурчээ.

Урсгал дансны алдагдал буурахад үйлчилгээний худалдааны алдагдал өмнөх оны мөн үеэс 239.4 (10.4%) сая ам.доллароор, анхдагч орлогын дансны алдагдал 334.1 сая (15.3%) ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин барааны худалдааны тэнцэл 2.0 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс ашиг 376.2 (15.9%) сая ам.доллароор буурчээ.

Санхүүгийн дансны тэнцэл 2025 оны эхний 9 сард 2.0 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс ашиг 866.8 (78.3%) сая ам.доллароор өссөн байна.

Санхүүгийн дансны ашиг нэмэгдэхэд багцын хөрөнгө оруулалтын ашиг 461.0 (3.1 дахин) сая ам.доллароор нэмэгдэж, бусад хөрөнгө оруулалтын алдагдал 976.9 (83.7%) сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин шууд хөрөнгө оруулалтын ашиг өмнөх оны мөн үеэс 549.5 сая ам.доллароор буурсан байна. Төлбөрийн тэнцэл 2024 оны эхний 9 сард 250.8 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол 2025 оны эхний 9 сард 53.2 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Санхүүгийн данс гэж юу вэ?

Монгол Улсаас бусад гадаад улсад хийсэн хөрөнгө оруулалт /актив/, бусад улсаас Монгол Улсад хийсэн хөрөнгө оруулалтын /пассив/ гүйлгээг бүртгэдэг бүх данс хамаарна. Санхүүгийн дансанд активын өсөлт пассивынхаас илүү, активын бууралт пассивынхаас бага эсвэл актив өсөж, пассив буурсан үед “+” буюу алдагдалтайг, эсрэгээр пассивын өсөлт активынхаас илүү, активын бууралт пассивынхаас илүү эсвэл актив буурч, пассив өссөн үед “-” буюу ашигтайг илэрхийлнэ.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо