Виртуал хөрөнгийн арилжаанд оролцогчдын тоо он гарснаас хойш нэмэгдсээр байна
- November 21, 2025
- Posted by: greenadmin
- Category: Санхүүгийн зөвлөгөө, мэдээ
“Bitcoin”-ийн ханш оргил цэгээсээ 26.3 хувиар буураад байна
Виртуал хөрөнгийн ханш савлаж эхлэхийн зэрэгцээ арилжаалагчид зах зээлд эргэн ирлээ. Оны эхээр дотоодоос виртуал хөрөнгийн арилжаанд идэвхтэй оролцогчдын тоо 11.7 мянган болж, эрс буураад байсан бол III улиралд 16.2 мянга болж эргэн нэмэгдсэнийг Санхүүгийн зохицуулах хорооны тайлан харуулж байна.
“Bitcoin”-ийн ханш энэ онд түүхэн дээд түвшинд хүрч өссөн нь арилжаалагчдыг зах зээлд татаж байна. Нэгдүгээр сард “Bitcoin”-ийн анхны ETF батлагдаж, сүүлийн саруудад олон улсын худалдаа цаашлаад зах зээл харьцангуй тогтворжиж эхэлснээр “Bitcoin”-ийн ханш 126 мянган ам.доллар хүрсэн юм. Харин сүүлийн сар гаруй хугацаанд хурдацтай буурч, крипто зах зээл таагүй дүр зурагтай байна. Үүнд дотоодын арилжаалагчдын оролцоо хязгаарлагдмал байгаа аж.
Энэ оны эхний улирлаас хойш гадаад виртуал хөрөнгийн арилжааны хэмжээ хоёр дахин буурч, III улиралд 228.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний криптовалют арилжаалагджээ.
Харин дотоодын виртуал хөрөнгийн арилжаа оны дундуур нэлээд нэмэгдсэнээс гадна харьцангуй тогтвортой байна. Сүүлийн улиралд өдрийн дундаж арилжааны дүн 200 сая давж, нийт 16 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ.