Хуримтлалыг зуршил болгох нь
- November 28, 2025
- Posted by: greenadmin
- Category: Санхүүгийн зөвлөгөө, мэдээ
Дэлхий дахинд хадгаламж эзэмшигчдийн тоогоор тэргүүлдэг Катар, Ирланд, Бруней, Макао, Бүгд Найрамдах Конго зэрэг улс бий. Тэд хөгжсөн эдийн засагтай, өндөр орлоготой орон биш боловч хүн ам нь нийтээр хуримтлал, хадгаламжийг санхүүгийн дадал болгожээ.
Харин Монгол Улсад өдгөө давхардсан тоогоор зургаан сая гаруй хадгаламжийн данс эзэмшигч бүртгэлтэй байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад зургаан хувь өссөн үзүүлэлт юм. Бид энэ удаагийн нийтлэлээрээ мөнгөн хуримтлалыг зуршил болгон хэвшүүлэх нэгэн шинэлэг үйлчилгээг танилцуулж байна.
Иллинойсын их сургуулийн судалгаагаар АНУ-ын залуу насанд хүрэгчдийн гуравны нэг нь санхүүгийн мэдлэггүй, орлого нь тогтворгүй байдаг тухай өгүүлсэн байдаг. Судалгаанд АНУ-ын 18-24 насны 3050 насанд хүрэгчдийг хамруулж, тэдний санхүүгийн хэв маяг, зан үйлд үндэслэн тогтвортой, эрсдэлтэй, тогтворгүй, чармайлттай гэсэн дөрвөн бүлэгт ангилсан байна.
Тогтвортой 22 хувь: Тэд санхүүгээ урьдаар төлөвлөж, удирдаж чаддаг. Банкны хадгаламжийн данстай, цалингийн зээл болон хүүтэй мөнгө зээлэх зэрэг зээлийн төрлийн үйлчилгээнээс зайлсхийдэг.
Эрсдэлтэй 36 хувь: Энэ бүлгийн хүмүүсийн орлого нь өмнөх оноос мэдэгдэхүйцээр огцом буурсан тул өөрсдийгөө санхүүгийн эрсдэлд орсон гэж үзжээ. Гэвч тэдэнд гэнэтийн эрсдэлийн үед хэрэглэх, амьжиргаагаа залгуулах ямар ч хуримтлал байсангүй. Угтаа ажлаас гарч дараагийн ажилдаа орох хүртэл эсвэл гэнэтийн байдлаар хоёроос гурван сарын хугацаанд ажилгүй байхад хүрэлцэх хуримтлал зайлшгүй байх учиртай юм.

Тогтворгүй 32 хувь: Тэд орлого багатайгаас гадна санхүүгийн боловсрол тааруу тул банканд ханддаггүй. Тиймээс өндөр хүү, хураамж төлдөг зээлийн үйлчилгээнүүдийг тогтмол ашигладаг.
Харин хувийн санхүүгээ удирдах гэж хичээж буй 10 хувьд багтах хүмүүс мөнгөө төсөвлөж, зээлийн карт ашиглах үрэлгэн зантайгаа тэмцдэг гэв. Гэвч энэ бүлгийн хүмүүс санхүүгийн хүндрэлээс болж эмчийн үзлэг, эмнэлгийн үйлчилгээг хойш тавьж эрүүл мэндээ эрсдэлд оруулдаг.
Дээрхээс дүгнэвэл гэнэтийн мөнгөний хэрэгцээ, болзошгүй нөхцөлд бэлэн байхын тулд “Хуримтлал” үүсгэх нь хамгийн зөв алхам. Мэдээж энэ нь заавал өндөр дүнтэй хадгаламж нээж, хувьцаа, бонд худалдан авна гэсэн үг биш.
ХЭРХЭН ХАДГАЛЖ ЭХЛЭХ ВЭ?
Сар бүр хуримтлуулах учиртай ид шидийн тоо гэж байхгүй. Гэвч дийлэнх хүмүүс их мөнгө хадгалах нь сайн, бага мөнгө хадгалах нь муу хэмээн эндүүрдэг. Хадгалахад шаардлагатай мөнгөний хэмжээ нь таны хэрэгцээ, амьдралын хэв маяг, орлогоос хамаарна.
Хэмнэх ёстой түгээмэл арга бол 50/30/20 дүрэм юм. Та сарын орлогынхоо 50 хувийг ипотекийн зээл, түрээс, төлбөр зэрэг тогтмол зардалд, 30 хувийг тогтсон биш ч Netflix, ресторан, амралт зэрэг чухал биш зардалд, үлдсэн 20 хувийг хуримтлуулах нь тохиромжтой.
Эх сурвалж: Unread today