Зээлийн оноо, шийдвэр гаргалтын системээр тэргүүлэгч FICO корпорацын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж, “FICO Summit 25: Power Your Decisions” арга хэмжээнд оролцлоо.
Тэд Blaze Advisor, Falcon Fraud Manager зэрэг дэлхийд тэргүүлэгч шийдлүүдийг танилцуулж, зээлийн онооны систем, шийдвэрийн автоматжуулалт болон санхүүгийн залилангийн эсрэг дэвшилтэт технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгснөөс гадна хэлэлцүүлгийн үеэр арилжааны банкны төлөөллүүдтэй санаа бодлоо солилцлоо.
FICO корпорацын Зээлийн мэдээллийн түншлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Майк Манатон “FICO-ийн онооны шийдлүүд нь туршилт, судалгаанд суурилсан, тухайн зах зээлийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх боломжтой, хурдан бөгөөд саадгүй нэвтрүүлэх системүүд юм. FICO нь харилцагч байгууллагуудтай хамтран анхны загвар боловсруулах шатнаас эхлээд шийдвэр гаргах үйл явцыг оновчтой болгох хүртэлх бүх үе шатанд дэмжлэг үзүүлдэг.
“Титан Си Ар Эй ЗМС” ХХК-тай хамтын ажиллагааны хүрээнд FICO оноог Монголд 2024 онд амжилттай нэвтрүүлсэн. Ингэснээр санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, найдвартай, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтаар Монголын зээлийн экосистемийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
Манай шийдлүүд зээлийн хүртээмжийг өргөжүүлэхийн зэрэгцээ зээл олгогч байгууллагуудыг мэдээлэлд тулгуурлан хурдан, зардал багатай шийдвэр гаргах боломж олгодог. FICO оноо 35 жилийн хугацаанд таван тивийн 40 гаруй улсад нэвтэрсэн. Монгол Улсад хэрэгжиж эхэлснээс хойш 2.2 сая иргэн FICO оноонд нэвтэрснээс 500 мянга гаруй нь өөрийн FICO оноог ашигласан байна. Мөн зээл олгогч 170 гаруй байгууллага энэ оноог ашиглан 117 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Монголд гэлтгүй дэлхий дахинд банк, зээл олгогч байгууллагууд орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрсдэлээ бууруулах, илүү хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зэрэг сорилттой нүүр тулгарч байна. Гэвч уламжлалт, гар ажиллагаанд тулгуурласан эрсдэлийн үнэлгээний аргачлалууд нь уян хатан байдал, нарийвчлалын хувьд эдгээр өрсөлдөөнт шаардлагыг хангаж чадахгүйд хүрч байна.
Зээлийн салбарт дэвшилтэт аналитик ба хиймэл оюунд суурилсан шийдвэр гаргалт, зохицуулалтын технологи болон дагаж мөрдөх автоматжуулалт, банк, финтек салбарт нөлөөлж буй шинэ үеийн хандлагууд хүчээ авч байна.
Ийм үед FICO-ийн дэвшилтэт аналитикийг ашиглан зээлийн шийдвэрийг хэрэглэгчийн амьдралын бүх мөчлөгт оновчтой болгох нь зээл олгогчдод стратегийн чухал давуу тал, өндөр үнэ цэнийг бий болгож байна” хэмээн онцоллоо.